Sunday, May 2, 2010

Танд хэрэгтэй зөвлөмж

Бид яагаад ногоо идэх ёстой вэ? /үргэжлэл/

Салатны навч /Lettuce/
Салатны навчинд агуулагддаг витамин, эрдэс бодисууд нь төрөл бүрийн өвчлөлөөс сэргийлж, өвчний явцыг бууруулах тустай.
Эрүүл мэндийн ач тус: Салатны навч нь найрлагандаа нүүрс ус, бага зэргийн уураг ба өөх тос агуулдаг. Үүнээс хамгийн чухал элемент нь А витамин ба кали юм. Мөн ихэнх салатны навчинд С витамин, кальци, төмөр, зэс агуулагдахаас гадна холестерин үүсэхээс хамгаалдаг бета-каротин гэдэг чухал бодис их хэмжээтэй байдаг байна. Мөн салатны навчинд агуулагддаг фолийн хүчил нь зүрхний өвчлөлөөс сэргийлнэ. Нэмж хэлэхэд, салатны навч нь калийн эх үүсвэр бөгөөд энэ нь цусны даралтыг бууруулж зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд ихээхэн ач тустай.
Хүнсэнд хэрэглэх: Салатны навчийг түүхийгээр нь төрөл бүрийн салат хийхэд тохиромжтой ба хоол чимэглэхэд өргөн хэрэглэдэг.
5 минутын жор: Ногооны салат
Дөрвөлжилж хэрчсэн салатны навч, өргөст хэмх, улаан лоолийг нарийн хэрчсэн сонгино, сармистай хольж хэдэн дусал уксус, бага зэрэг ургамлын тос, давс, сахар, перецээр амталж салат бэлэн болно. Та 5 минутад л энэ салатыг хийх бөгөөд төрөл бүрийн хоолтой хольж идэхэд нэн тохиромжтой.


Бууцай: /Spinach/
Бууцай нь олон төрлийн витамин агуулдаг бөгөөд шинээр нь хэрэглэвэл илүү амт чанартай.
Эрүүл мэндийн ач тус: Бууцай нь зүрх, үе мөчний өвчин болон бусад өвчнөөс урьдчилан сэргийлж, нүдний хараа сайжруулдаг бөгөөд хавдрын хортой эсийн хуваагдаж үржих процессийг удаашруулдаг болох нь батлагдсан. Мөн яс бэхжүүлдэг кальци, магни агуулдаг тул хүүхэд, өсвөр насныхан болон настай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Насанд хүрсэн эмэгтэйчүүд бууцай хэрэглэхэд хөхний хорт хавдар тусах магадлалыг багасгадаг ажээ.
А ба С витаминыг ихээр агуулдаг учир хүний цусан дахь холестеринийг бууруулан, өөх тосыг задалж даралт ихсэх, цус харвах зэрэг өвчнүүдэд өртөхөөс сэргийлдэг. Мөн бууцайнд агуулагддаг С витамин болон бета-каротин нь бүдүүн гэдэсний эд эсийг гэмтэж өвчлөхөөс хамгаалан, төрөл бүрийн үрэвслээс сэргийлдэг. Энэ нь зарим хүнд өвчнийг хурцдах, хүндрэхээс сэргийлэх, өвчин дахин сэдрэх давтамжийг бууруулдаг сайн талтай юм. Бууцай нь стрессийг багасгаж, нүдний харааг сайжруулдаг бөгөөд тархийг сэргээж, сурах чадварыг нэмэгдүүлнэ. Бууцай нь төмрийн маш баялаг эх үүсвэр бөгөөд төмрийн дутагдалд орж болзошгүй хүүхэд, эмэгтэйчүүд хэрэглэхэд тохиромжтой. Маш бага калоритой учраас таргалуулахгүйгээр хоол хүнснээсээ хэрэгтэй витаминаа авах боломжийг олгодог.


Ногоон хулуу /Zucchini/

Хулуугаар бидний сайн мэдэх "икра"-г бэлддэг. Үүнээс гадна хулууг бүх төрлийн хоолонд үндсэн орц болгон хэрэглэж болно.
Эрүүл мэндийн ач тус: Ногоон хулуу нь илчлэг багатай бөгөөд 100 грамм хулуунд хэрэгцээт эрдэс бодис болох фолийн хүчил 24 мк, кали 280мк, А витамин 115 мк, 19%-ийн мангани агуулагддаг. Мөн витамин С, А, К, Е, В1, В2, В6, фосфор, ниацин, фолат, зэс, цайр зэрэг олон төрлийн эрдэс бодис хулууны найрлаганд байдаг.
В-гийн төрлийн витаминууд нь төрөлтийн гажиг, зүрхний багтраа, цус харвалт зэрэг өвчнүүдийн эрсдэлээс сэргийлдэг. Мөн хоол хүнсэндээ байнга хэрэглэвэл бүдүүн гэдэсний хорт хавдар тусахаас хамгаалдаг. Түүнээс гадна витамин В1 нь хүний тархины эд эсийг тэтгэдэг чухал зүйл юм.

Хоолны жор: Хулуу, эрдэнэшиштэй хуурга.
Орц:
-2 боргоцой эрдэнэшиш /үрийг нь хэрэглэхээр салгаж авна/
-1 ш дунд зэргийн хэмжээтэй хулуу
- 1 хумс сармис, хэрчсэн
-1 ш сонгино, хэрчсэн
-1ш жижиг халуун чинжүү
-Ургамлын тос
-Давс
Хийх дараалал:
-Хүнсний ногоонуудаа сайтар угаана.
- Хулуугаа 1 см-ын өргөнтэйгээр хэрчинэ.
- Сармисаа тосонд шарна. Эрдэнэшишийн үр, хэрчсэн хулуу, халуун чинжүү, сонгино болон давсыг холино.
- Зөөлөн гал дээр 5 минут жигнэж шаардлагатай бол бага зэрэг ус нэмнэ.
- Таваглахдаа нухсан төмс, амталж болгосон шар буурцгийн уурагтай хамт олгоно.

/Хөгжлийн Шийдэл ТББ-ын мэдээллийн сангаас авав./