Tuesday, January 26, 2010

БОДЬ МӨРИЙН ЗЭРЭГ /номоос/

1' ҮХЛИЙН ТУХАЙ БЯСАЛГАХГҮЙ БАЙХЫН ГЭМ БУРУУ.

Завшаан бүрдсэн энэ насны хэргийг гаргахад дөрвөн буруу бодол саад болдог. Мөнх бусын жам ёсыг мөнх мэтээр сэтгэх нь хамгийн эхний алдаа юм.
Бид огт үхэхгүй мэт төсөөлсөөр яваад бурууддаг. Бүгд насны эцэст үхнэ гэдгээ мэддэг боловч өдөр бүр "өнөөдөр лав үхэхгүй", "өнөөдөр ч бас үхэхгүй"гэж бодож явсаар нэг л мэдэхэд үхэлтэй нүүр тулдаг. Хэрвээ энэ бодлоосоо салахгүй бол түүнд бүрэн автагдаж, ингээд амьдраад байх юм шиг сэтгэнэ.
Тэгээд энэ насны амьдрал төдийхнийг жаргалтай болгож, зовлонгоос салах гэж оролдон энэ ч хэрэгтэй, тэр ч чухал гэж гүйнэ. Тиймээс хойд нас, нирваан, төгс гэгээрэл зэрэг чухал ач холбогдолтой зүйлсийн тухай огтхон ч эргэцүүлэхгүй. Номлол дагая гэдэг бодол даанч төрөхгүй. Хааяа нэг номлол сонсож, судалж, бясалгах боловч зорилго нь энэ амьдралаар хязгаарлагдана. Тиймээс төлөвшүүлсэн сайн чанар нь дэндүү дорой байдаг. Дээрээс нь буруу зөрүү, нүгэл хилэнцтэй хутгалдах нь элбэг. Иймээс муу заяаны шалтгаантай ороолцолдохгүй байх гэж бараг үгүй. Хэрвээ хойд насаа бодож зүтгэл гаргалаа гэхэд "яваандаа л хийе" хэмээн хойш тавьж, залхуудаа дийлддэг. Ингээд унтаж хэвтэх, ууж идэх, дэмий чалчих зэрэгт сатаарсаар цаг нөгцөөнө. Тэгэхээр идэвх чармайлттай, ном ёсны зүтгэл гаргаж чаддаггүй.
Удаан амьдрана гэдэг мөрөөдөлдөө хууртагдана. Тэгээд хөрөнгө мөнгө, нэр хүнд мэтэд шунан дурладаг. Бүр түүнд хүрч чадахгүй нь хэмээн эмзэглэж, хэт уурлан бухимдаж эхэлдэг. Энэ бүхний хор хөнөөлд автан толгой нь эргэнэ. Ингэж уур уцаар, атаа жөтөөнд баригдан сэтгэлийн гэмүүд бий болно. Улмаар тэвчих аргагүй олдмол сэтгэлийн гэмүүд ундарсаар байх болно. Бие, хэл, сэтгэлийн арван хар нүгэл, засашгүй хүнд алдаа болон аар саар алдаа ч гарна. Улмаар гэгээн номлолоос гажих мэтийн буруу үйлдэл, муу заяаны дааж давшгүй зовлонд хүргэх гэм нүглийн хүч өдөр бүр өсөн нэмэгдэнэ. Энэ бүхнээс салах тухай тодорхой заасан гэгээн номлолын рашаанаас ч холдон оддог. Ингээд сайн төрөл болоод нирвааны амин сүнс тасарна. Төсөөлөхийн аргагүй хүнд хүчир, хатуу ширүүн муу заяанд төрнө. Үхэлд гүйцэгдэн, муу үйлийн үрдээ хөтлөгдөн муу заяа руу туугдан одох нь гарцаагүй тул үхэхгүй гэж бодохоос илүү тэнэглэл хаана байх вэ?
Бодисадвагийн замналд:
Алдаа, онооны үрээс бусдыг
Авч чадахгүй, орхих байтал
Авах төрлөө Эрлэгт даатгаад
Алд биеэ ч гээх байтал
Энийг тэрийг ч мэдэхгүйн балагаар
Эргэцүүлж таниагүй харанхуйн гайгаар
Эртээс гэгээрэлд зориогүйн лайгаар
Эндсэн, алдсан олон нь хайраан. үргэжлэл бий....