Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг
Дэлхийн нийгэмлэгийн гишүүнээр ажиллахыг урьжээ.
Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж 2010 оноос эхэлж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн хэмжээнд бодлого тодорхойлоход өөрийн хувь нэмрийг оруулах үүрэг хүлээсэн байна. Учир нь тэрээр Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи Дэлхийн нийгэмлэгийн гишүүнээр ажиллах урилга хүлээж авсан бөгөөд тус нийгэмлэг нь шилдэг улстөрч, эдийн засагч, уур амьсгалын талаар дэлхийд үнэлэгддэг мэргэжилтэн гээд нийт 15 хүний бүрэлдхүүнтэй байдаг аж. Түүнчлэн нийгэмлэгийн гишүүний бүрэн эрх нь хоёр жилийн хугацаатай байхын зэрэгцээ цаашид сунгагдах боломжтой юм. Тус нийгэмлэг нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар зөвлөмж гаргахад үйл ажиллагааных нь гол чиглэл оршдог бөгөөд саяхан Копенгагенд болж өнгөрсөн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи НҮБ-ын хурлын хэлэлцэх асуудалд зөвлөмж өгч байсан юм. Энэ ажлынхаа хүрээнд тэрээр 2010 оны нэгдүгээр сарын 30-нд болох Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, усны асуудлаархи салбар хуралдааныг даргалахаар болсон байна. Мөн 2010 оны 1-р сарын 13-ны өдөр Дэлхий даяар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи Дэлхийн нийгэмлэгийн гишүүн болсныг нь зарлаж, видео танилцуулга хийх юм. Түүнийг уг нийгэмлэгийн гишүүнээр сонгохдоо Ази тивд ардчиллыг анхлан хөгжүүлэхийн зэрэгцээ НҮБ-ын салбар хуралдааныг даргалж байсан, англи хэлээр чөлөөтэй харилцдаг, хоёр удаа Ерөнхий сайдаар ажилласан улс төрийн туршлага, Харвард төгссөн боловсрол зэргийг гол болгожээ.
Үндэсний шуудан сонин
2009.12.29 №312
