Saturday, March 26, 2011

Өөрийн дотоод зөн совингоо сонс, зүгээр л итгэ.


Их Багш Чин Хайн “Дотоодын Багшдаа Итгэ”сэдвээр 1996 оны 7 сарын 30-нд Камбожид тавьсан лекцийн хэсгээс.

Заримдаа бид үнэхээр сандралд ордог, учир нь энэ дэлхий зарим зүйлсээр, юмуу цаг хугацаа шаардлагаар биднийг дарамталж, бид сандран : "Өө, Бурхан минь. Би үүнийг хийж чадахгүй нь. Надад ганцхан өдөр байна, эсвэл хагас өдөр байна, надад өөр зүйл хийх хүсэл алга байна, би энэ зүйлийг л яг одоо хиймээр байна, бусад зүйл намайг шавдуулсаар байна” гэдэг. Гэвч хэсэг зуур бясалгасны дараа дэлхий биднээс шаардлагаа татаж авдаг, эсвэл асуудал хаа нэгтээ алга болдог. Бид яагаа ч үгүй байхад сандарсан байдаг. Зүгээр тайван бай, “Т-А-Й-В-А-Н”. Тайван бай, хүүхэд минь! Тэгээд бүх зүйл зүгээр болно. Өөрийн дотоод зөн совингоо сонс. Заримдаа энэ хэцүү гэхдээ аль дуу нь илүү хүчтэй гэдгийг хараад, энэ хүчтэй зөн совин дээр бат зогс. Учир нь заримдаа танд үүнийг хийх хэрэгтэй юм шиг байдаг, харин өөр хүмүүс ирээд, өөр зүйл хийхийг танаас шаардаад, ингэж хэлдэг. “Энэ л сайн, харин энэ одоо хэрэггүй, үүний хэрэг одоо байхгүй. Та энэ чиглэл рүү хурдан гүйж, энэ тэр зүйлийг хийвэл сайн” гэдэг. Тэгээд дотроо үүнийг хийх ёстой гэж мэдрэвч энэ нь таны дотор тэмцэл өрнүүлж, хэд хэдэн талаас зулгааж байх шиг санагддаг. Тэр үед суугаад, бясалга, за? Өөрийн Будда дууг сонс, дотор байгаа зөн совингийн дуу, танд юу хийхийг хэлж өгч чадах аядуухан дууг сонс, эсвэл өөрийгөө тайвшруулж, танд аль чиглэл хамгийн сайн гэдгийг тодорхой хар. Би энэ бүхнийг өөрийн туршлагаас хэлж байна. Би үүнийг номноос иш татаагүй. Ном бидэнд энэ бүх зүйлийг заадаггүй, тийм ч их зүйл хэлж өгөхгүй. Харин энэ үргэлж үр дүнгээ өгдөг, учир нь өөр бид хаашаа хандах вэ, хорвоотой учраа олоход өөр бид юугаа ашиглах вэ? Дэндүү их зовлон биднийг дарж, утга учиргүй зүйл, дарамт бидэн шиг өчүүхэн төрөлтөн дээр бууж, заримдаа бид яахаа үнэхээр мэддэггүй. Энэ нь таны сэтгэлийг маш их түгшээж, амгалан бус болгодог. Чухал мөчид бидний хийж чадах цорын ганц зүйл бол Гэрэл, Аялгуун дээр хийх бясалгал. Гэхдээ ямартаа ч та залбирч бас болно. Залбирал гэдэг нь ”Өө, миний төлөө үүнийг хийгээч, Багш аа,” эсвэл “ Туслаач” гэсэн үг биш. Та үүнийг хэлж болно. Гэхдээ үүний зэрэгцээ тусламж хэдийнэ энд байна гэдэгт итгэх ёстой. Хэрвээ та үүнд итгэхгүй бол тэр нь танд маш муу. Зөвхөн итгэл - юмсыг биелэлд хүргэдэг. Учир нь үнэндээ бид Бурхан, хэдийнэ Будда билээ. Тусламж хэзээний тэнд байгаа, бидэнд тусламж ч хэрэггүй. Та Будда бол юу хийхээ мэднэ, үгүй юу? Тиймээс үүнд итгэ. Өөрийн Будда чанартаа итгэж чадахгүй бол Багшийн хүчинд итгэ, Будда чанарт итгэ, тэгээд энэ нь танд туслах болно. Танд Будда чанар байхгүй байсан ч, танд байхгүй гэж бодъё, та Будда биш, та өөрийгөө Будда гэж миний хэлсэн үгэнд та итгэхгүй байлаа гэж бодоход ч ядаж Багштай адилхан нэгэн таныг асуудалд үлдээхгүй, үгүй юу. Таныг дуудахаас өмнө Багш даруй мэдэх бөгөөд танд туслахын тулд арга чаргаа хэдийнэ хайх болно. Тиймээс үүнд зүгээр итгэ. Энэ л хамгийн сайн залбирал. Энэ нь хамгийн сайнаар танд биелэгдэх болно гэж итгэ. Юу ч тохиолдсон тэр нь танд хамгийн сайн, ирээдүйд, тун удахгүй та үүнийг хамгийн сайн гэж харах болно. Тиймээс ямар ч үед, ямар ч асуудалтай байсан, өөрийнхөө төлөө, хэн нэгний төлөө залбирахдаа зүгээр үүнд итгэ. Та Багшаас тусламж гуйж болно, Будда чанараас тусламж гуйж болно. Гэвч энэ нь биелж байгаа , биелэгдэх болно, биелэгдсэн гэдэгт итгэ. Тэгвэл бүх зүйл зүгээр. Библид бичсэнийг сана “Юуны ч төлөө залбирсан тэр нь биелнэ гэдэгт итгэ, тэр ёсоор чинь хийгдэх болно.” Юмс ийм л байдаг. Та өдөржин уйлаад, “Надад туслаач, яагаад туслаагүй байгаа юм бэ, хэдийнэ таван минут, арван минут өнгөрсөн, би танд дахиж 10 минут өгье” гэвэл бүтэхгүй. Та итгэх ёстой. Ямар ч өвчин, танд тулгарах ямар ч асуудлыг шийдэх агуу хүч нь өөрөө өөртөө итгэх явдал байдаг. Та үүнд итгэх ёстой. Учир нь та бол өөртөө байгаа цорын ганц Будда. Бид бүгд Будда. Гэвч дотор байгаа Будда бүгдийг мэддэг. Сүнс яахаа мэддэг. Та үүнд итгэж чадахгүй бол Багшийн хүч танд туслана гэж итгэ. Учир нь энэ тусалдаг. Энэ ямар ч үед тусалдаг. Багш таны төлөө юу ч хийхгүй бол Багштай байх ямар хэрэг байна? Бүр ээж аав хоёр өөрийн хүүхэддээ туслахын тулд хамгийн сайнаар хичээдэг, эгэл багш нар сурагчиддаа туслахын тулд хамгийн сайнаар хичээж байхад Тэнгэр, Газрын алинд ч хүрч чадах Багш таныг харанхуйд, бэрхшээл дунд яаж орхих вэ? Тиймээс өөртөө итгэх итгэл, Багшийн хүчинд итгэх итгэлээр шийдэж чадахгүй зүйл гэж үгүй. Учир нь Багшийн хүч бол таны хүч. Та бид хоёр нэг, тиймээс өөртөө итгэж чадахгүй бол тэр ёсоор бай. Та Багшаас тусгаарлагдсан гэж мэдэрч байгаа тул Багшийн хүчинд л итгэ. Багш сайн гэж бодож байвал Багш танд яагаад туслахгүй гэж?

Багшийн хүч хаа сайгүй байгаа, Багшгүй газар гэж хаана ч байхгүй. “Багш аа” гэж та хаана ч дуудсан байсан тэр нь 24 цаг тэндээ байна. Санаж байна уу? Тиймээс хаана ч байсан, хаана ч амьдарсан, юутай ч тулсан бүү сандар. Зүгээр итгэ, тэгээд болоо. Та өөрөө шийдэж чадах юм бол чадлаар хичээ. Та чадахгүй бол Багш танд туслана. Та өөрийнхөө Агуу хүчээ олох хүртэл Багш танд туслах болно.