Wednesday, October 13, 2010

Их Багш үлгэр ярьж байна.

ОЮУН УХААНЫ ДАДАЛТАНГУУД ӨӨРСДИЙНХӨӨ ХЭРЭГЦЭЭГ

ХАНГАДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Нэгэн эр дурсамжаа сэргээхээр ч юмуу, эсвэл бага сага бизнес хийхээр ч юмуу ойн гүн рүү явжээ. Тэгээд нэг өдөр дөрвөн хөлгүй үнэгийг харсан байна. Тэр ямар ч хөлгүйгээр яаж энэ ширэнгэн ойд амьдарч байгааг хараад гайхжээ. Тэгээд ажиглаж эхлэв. Дараа нь тэр барыг харлаа. Бар ан амьтан авчраад түүнийгээ идсэний дараа үнэг үлдэгдлээр нь хооллодог ажээ. Одоо ингээд тэр үнэгний хэрхэн амь зуудгийг мэдэж гэнэ.

Дараагийн өдөр нь дахиад л Бурхан бас л бараар дамжуулан үнэгийг хооллов. Тэр эр үүнийг хараад зарим талаар гэгээрчээ. Тэгээд өөртөө хэлсэн нь: ”Аан, бид Бурханд итгэх хэрэгтэй юм байна. Бид Бурханд найдах ёстой. Тэгвэл Тэр биднийг бүх юмаар хангах болно” хэмээн бодоод бизнесээ орхин, эхнэр хүүхдээ мартаж гэнэ. /Инээв/ Тэр шууд л ойд суугаад Бурханы төлөө бүхнээс татгалзахыг хичээж, мөн Бурхан түүний хэрэгцээг хангах байх гэж найджээ. Тэр суугаад Бурхан дээр бясалгасан ба тэр Ариун Нэрсийг ердөө ч уншаагүй, эсвэл Наму Супрем Мастер Чин Хайг, Ву Шан Ших-ийг, Сума Цу-ийн нэрийг дуудаагүй. /Инээв/

Тэр “Би зөвхөн Бурханд л найдах болно. Би яах гэж бусад ямар нэг нэрийг дуудах ёстой гэж? Би Бурханд л итгэнэ, Бурханд л хайртай, би Бурханг л шүтнэ, би Бурханыг л хүндэтгэж, түүнээс л эмээнэ, энэ л миний хувьд хангалттай. Бурханы төлөө би юм болгоноос татгалзаж байна.”гэж дотроо үглэсээр. Ингээд тэр тэнд сууж байв. Тэр цөцгий, дүпү, бялуу, талх, бяслаг хүрч ирэхийг хүлээж байсан байж магадгүй.

Эхний өдөр юу ч ирсэнгүй, тэгсэн ч тэр үргэлжлүүлэн суусаар. Тэрээр:”Бурхан миний итгэлийг сорьж байна” гэж боджээ.

Дараагийн өдөр ч сууж л байв. Хоёр дахь өдөр дүпү гарч ирэх байтугай хамар доорхи газраас нь байцаа ч ургасангүй. Юу ч болоогүй боловч тэр: ”Өө, Бурхан миний эр зориг, сүжиг бишрэлийг шалгаж байгаа байх. Итгэл минь гуйвшгүй, мятрашгүй болохыг, өөрийн бүх юмнаас татгалзаж чадахаа, өөрийн найдвараа Түүнд мэдээж үзүүлэх болно” гэж бодож гэнэ.

Ингээд тэр дараагийн өдөр ч суусаар, хүлээсээр. Гуравдахь өдөр боллоо. Юу ч тохиолдсонгүй, цөцгий, талх, бяслаг, дүпү, байцаа, лууван ч ирсэнгүй. Тэр байтугай ус, бороо хэлбэрээр ч орсонгүй. Хон, хон. Одоо сорилт түүний хоолойноос, ходоодноос, түүний бүх мөчнөөс нь мэдрэгдэх болов, түүний бүх л биед зайлшгүй шаардлагатай зүйлс Бурханаас ирдэггүй. Түүний биеийн хэсэг бүрийн бүх нөөц боломж нь түүнийг өөрийг нь нөөцлөхийг хичээхгүй боллоо. /Багш болон бүгд инээлдэв/ Ийнхүү тэрээр гүн шаналж юу болсоныг санахыг хичээв. Тэр Бурханд залбирч: ”Намайг үүнээс илүү бүү сориоч, гуйя, би жинхэнээрээ Танд итгэж байна, би үнэхээр таны төлөө бүгдээс татгалзаж байна. Танд итгэх миний итгэл гуйвшгүй, энэ хэзээ ч мөхөшгүй”гэжээ.

Ингээд тэнгэрээс ч юмуу, эсвэл түүний ходоодноос ч байж магадгүй, би мэдэхгүй байна. Нэгэн дуу хоолой сонсогдлоо. /Багш болон бүгд инээлдэв/. Тэр хоолой нэг иймэрхүү юм хэлжээ: “Өө, чи тэнэг мунхаг юм, чи юунд эрэмдэг үнэгний байдалд суралцаад байгаа юм бэ? Бос. Барын байдлаар яв” гэжээ.


Их Багшийн тайлбар:

Яахав, бид хувраг болж болно, гэхдээ бид ажил хийх ёстой, өөрсдийнхөө амьдралын төлөө өчүүхэн ч болтугай зарим нэг зүйлийг хийх хэрэгтэй. Өөрөө өөрийнхөө талхыг хөдөлмөрлөж олох ёстой гэж би та нарт хэлдэгийн учир нь энэ. Яагаад гэхээр бид бол хөдөлмөрийн багажтай байж мөн оюуны чадамжтай байж хэрэгцээгээ хангана. Бид бол эрэмдэг биш. Хэрвээ бид тийм байсан бол Бурхан биднийг харах байсан байх. Гэвч бид эрэмдэг биш байж юунд эрэмдэг амьтдын замаар явах билээ? Бид арслан, барс, заан, морь шиг явах ёстой. Бид хэрэгцээгээ хангагч болохоос биш гуйлгачин биш, юм унаад ирэхийг хүлээгчид биш. Амьдралын зам бол ийм юм. Энэ хоосон ертөнцөд бид зөвхөн амьдарсаар байх үедээ өөрсдийнхөө хэрэгцээг өөрөө хангах ёстой, өөрсдийгөө сургах, эдгээр багаж хэрэгсэлийг ашиглах, өөрсдийн чадвар болон ухааныг сорьж байх хэрэгтэй. Амьдрал юу өгөхийг харцгаая. Маргааш юу авчрахыг харцгаая гэж болохгүй.

Өөрсдийн ухаан чадвараар бидний дотор амьдрал өсч байгааг, амьдрал улирал улирлаар өөрчлөгдөж байгааг, багаж зэмсэг маань бидэнд ашиг тусаа өгч байгааг, бидний гэр бүл, нийгэм маань томорч байгааг бид хардаг. Бидэнд ухаан байна, бид түүнийгээ ашиглах ёстой. Билэг ухаан бол нэг зүйл, харин оюун ухаан болон авъяас чадвар бол бас өөр зүйл юм.

Билэг ухаан бидэнд байдаг, билэг ухаан хэзээ ч биднээс холдож явахгүй. Билэг ухаан хэзээ ч сурч бэлтгэснээр бий болохгүй, хэзээ ч бохирдохгүй, хэзээ ч багасч ихэсдэггүй. Оюун ухаан, мэдлэгийг бид энэ ертөнцийн өдөр тутмын амьдралаа зохицуулахын тулд ашиглах хэрэгтэй. Билэг ухааныг бид илүү аугаа, илүү эрхэм дээд зорилгийн төлөө өөрөөр хэлбэл бусад хүмүүсийг гэгээрэлд хүргэх эсвэл өөрсдийгөө илүү хүчтэй болгож ингэснээр эмчлэхгүйгээр эмчилж, мэдэхгүйгээр мэдэж, туслахгүйгээр тусалж, ихэмсэг зангийн ул мөргүйгээр дэлхийг адислаж, өөрийгөө ямар ч өр авлагад оруулахгүй байдлаар ашиглах хэрэгтэй. Энэ бол бидний зам.

Бид өнөөдөр, маргааш эсвэл өдөр бүр бясалгадаг. Энэ нь барын замаар явахтай адил юм. Бид хэрэгцээгээ хангана, бид адислана, бид асуухгүй, бид гуйлгачлахгүй. Бурхан, тэнгэрийн элчис, гэгээрэгсэд өөрсдийнхөө ажлын хэсгийг аль хэдийнээ хийсээр байгаа. Тэд ажлаа дуусч байгаа. Одоо бид тэдний мөрөөр явж тэдний ажлыг ч бас хийнэ, үргэлж түр зуурын энэ амьдралынхаа төлөө гуйлга гуйж, өөрийнхөө төлөө залбираад байж болохгүй. Зайлшгүй шаардлага гарвал бид залбирч болно. Бид оюун ухааны амьдралаараа зөвхөн тэр саадыг давж гарч чадна. Гэвч оюун ухааны хаант улсад үүрд битгий гуйлгачин байгаарай.