Thursday, May 20, 2010

Их Багш үлгэр ярьж байна.

ИД ШИДЭТ САНДАЛ

Олон жилийн өмнө нэг хөгшин эр, ганцаар уулын мухарт их ядуу амьдардаг байж гэнээ. Түүний дэрсэн овоохой бол ганц өмч хөрөнгө нь юм. Үнэн хэрэгтээ тэр маш залхуу бөгөөд энэ нь түүний хүртвэл зохих нэр юм.
Нэг өдөр тэр хүссэн болгоноо бүтээж чаддаг далдын хүчтэй маш их чадалтай йог алс нутагт амьдардаг тухай сонсчээ. Үүнийг сонсоод ажил хийхийг хүсдэггүй тэр залхуу хүн ямар ч ажил хийхгүй байхын тулд түүнд далдын хүчээ ашиглан ямар нэгэн юм бүтээж өгөхийг гуйхаар шийдэв. Ийм горьдлого өвөрлөн тэр алс холын замд гарлаа.
Тэрээр йогийн амьдардаг уулын агуйд очих гэж маш хол зам туулжээ. Тэгээд эцэст нь йогтой уулзаад сунаж мөргөн гуйж гэнэ. Тэр йог их сайхан зантай эелдэг хүн байсан бөгөөд түүнийг зочлон цайлж хэрэг зорилгыг нь асуув.
Залхуу эр хэлсэн нь: “Хүндэт хайрт багш аа, би их ядуу хүн. Надад жижигхэн дэрсэн овоохойноос өөр юу ч үгүй. Одоо би хөгшрөөд ажил хийх чадалгүй боллоо. Иймд өрөвдөн хайрлаж надад туслаач, багш аа. Амьдралд минь хүрэлцэх хөрөнгө өгөөч! Та бол маш их далдын хүч чадалтай гэдгийг би мэднэ. Та ямар нэгэн юм хүсвэл түүнийгээ үтэр түргэн бүтээж чадна шүү дээ. Та надад туслана гэдэгт итгэж байна”гэв.
Йог нүдээ аниад нэг ч үг хэлэлгүй нам тайван сууж байв.
Хөгшин эр үргэлжлүүлэн гуйсаар. Удаан хугацааны гуйлтын дараа йог дуртай дургүй түүнд нэг сандал өгөөд хэлсэн нь: ”Гэртээ харьсаныхаа дараа ямар нэг юм хүсч бодох үедээ хэдийд ч гэсэн энэ сандал дээр суугаарай. Сандал дээр суухынхаа өмнө гар нүүрээ угааж, усанд ороорой. Тэгээд хүссэн зүйлээ бод. Тийм замаар та гарцаагүй түүнийгээ авна” гэвээ.
Йогт талархалаа илэрхийлснийхээ дараа хөгшин эр сандлаа аваад даруйхан гэр лүүгээ яаран явлаа. Гэртээ очоод тэр цагийг дэмий үрсэнгүй. Тэр дороо гар нүүрээ угааж, усанд орж, тэгээд дараа нь сандал дээр суув. Энэ үед тэр их өлсөж байснаас даруй хоол бодов. Дороо л хоол гараад ирлээ гэнэ. Хөөх! Ямар гоё вэ, яасан сайхан өгөөмөр юм бэ?гээд мань эр бүх сайхан хоолонд цадаж их баясгалантай боллоо.
Идэж дуусаад тэр ядарсанаа мэдэж амрах ор хүслээ. Тэр дороо л зузаан дэвсгэртэй ор ирэв. Унтахаар хэвтсэн боловч мань хүний сэтгэл нь үргэлж л янз бүрийн юм, мөнгө бодогдоод үнэхээр амарч чаддаггүй ээ. Тэгээд орноосоо үсрэн босч сандал дээр суув. Одоо тэр дэрсэн овоохойгоо ордон болж хувиргахыг хүсч бодож эхлэв. Түүнийг дөнгөж бодож эхлэхэд л дэрсэн овоохой нь тэр дороо хувирч өөрчлөгдөв өө.
Хөгшин эрийн ордон нь үнэт чулуугаар бүтсэн үнэхээр их үзэсгэлэнтэй. Хаалганууд нь алтаар хийгдсэн, мөн тааз, шал тэр байтугай багана нь ч алтаар хийгдэж бүгдэд нь үнэт чулуу шигтгэж хээлсэн байв. Үүнд тэр их аз жаргалтай, тав тухтай боллоо. Цааш нь үргэлжлүүлэн бодсон нь: ”Аах аа, иймэрхүү том ордон зарц наргүйгээр байж болохгүй” гэж бодтол л...
Тэр дороо л олон зарц түүний тушаалыг хүлээж зогсоно. Дараа нь: “Мөнгөгүйгээр зарц нар, ордон байж болохгүй байхаа” гэж бодов.
Тэгтэл ч дэндүү их алт, мөнгө, зоос гэнэт л тэр бүгд бий болов. Энэ байдал хөгшин эрийг үнэхээр аз жаргалтай болголоо.
Гэтэл тэр гэнэтхэн түгшиж эхлэв. Тэр: ”Пөөх! хэрэв газар хөдөлвөл миний ийм үзэсгэлэнтэй, ийм их эд хөрөнгөтэй ордон минь яах билээ?”гээд яг бодож дуустал газар хөдлөв. Түүний хөрөнгө, ордон бүгд няц дарагдлаа.

Их Багшийн тайлбар:
Энэ үлгэр бидэнд юу хэлж байна? Бидний бодол санаа эхлээд цэвэр ариун болох ёстой. Энэ нь бясалгалын хүч, далдын хүчин чадалтай болоход хангалттай сайн биш байдаг. Тиймээс бид хүч чадал эзэмшихээсээ өмнө өөрсдийн бие, хэл яриа, бодлоо цэвэрлэх ёстой. Бидний бие, сэтгэл, хэл цэвэр биш байтал бид хүч чадалтай болвол сахилаа зөв сахиж чадахгүй болж бид муу юм хийх болно. Бидний өөрийн хүч чадал өөрийгөө зовоох болно. Заримдаа энэ хүч чадал бусдыг ч зовоодог. Ийм учраас эрт дээр үеэс их багш нар шавьдаа хүч чадал өгөхийн өмнө түүний бие, хэл, сэтгэлийг бүхэлд нь цэвэрлэж удаан хугацаагаар шалгадаг байжээ.
Багш та нарт далдын хүчин дээр бясалгах хэрэггүй гэж байнга хэлдэг. Жирийн хүмүүс далдын хүчин дээр хялбархан бясалгаж чаддаг. Тэд цагаан хоолтон болж чаддаггүй төдийгүй, ямар ч сахилыг сахиж чаддаггүй юм. Бид өөрсдийн бодол санаагаа хянаж чадахгүй байсаар байх үед муу юм бодох л юм бол тэр нь агшин зуур илэрдэг, яагаад гэхээр бодол санаагаа хянаж чадахгүй бол бидний бодолд юу ч орж ирж болно. Орчлон ертөнцийн хүч чадал бол агуу юм, гэвч бид үүнийг яаж хэрэглэхийг мэддэг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сэтгэлээ цэвэр байлгаагүйгээс энэ нь ертөнцөд гарз хохирол учруулах, өөрсөддөө төвөг учруулах, мөн өөр бусдад их гай зовлонгийн учир шалтгаан болж болох юм.
Энэ ертөнцөд бидний харж байгаа зарим аюул гамшиг нь заримдаа зөвхөн хүмүүсийн үйлийн үрээс болдоггүй харин далдын хүч чадал дээр бясалгадаг хүмүүсийн төлөөс ч байдаг. Тэдний дадал муу зүгт чиглэснээс, тэдний бохирдсон бодлоос болж тэд ертөнцийг замбараагүй болгож байгаа юм. Үүнд бид сөрөг хүчинд эзлэгдсэн, гай зовлонг бий болгодог хүмүүсийг хэлж болно. Үнэндээ тэд тиймэрхүү л хүмүүс юм.
Иймд бид бясалгахдаа өөрсдийгөө хамгаалахын тулд өдөр бүр БУРХАНЫГ, БУРХАДЫН ариун нэрсийг бодох ёстой. Заримдаа бидэнд учирдаг гай зовлон нь бидний өөрсдийн үйлийн үр ингэж бидэнд саад тотгор болдог юм биш, харин тэр сөрөг Маяагийн хүч бидний ойр байж нөлөөлөөд байдаг юм. Бүхнийг чадагч БУРХАНЫ тухай илүү их бодвол бидний ухаан бодол цэвэрлэгдэж тэгээд бид ямарч юмыг хүсэхээ болино. Бидний хувьд энэ цаг мөчид далдын хүч ямарч хэрэггүй болно. Яагаад гэвэл бид БУРХАНТАЙ нэг болж энд бидэнд авах юм юу ч үгүй болно.
Энэ үед бид дотооддоо маш сэтгэл хангалуун болж, энэ хоосон ертөнцийг орхисоны дараа бид буцаж өөрийн Гэртээ очиж тэгээд бид юм бүхэнтэй болно гэдгээ мэднэ. Тэр газрыг харьцуулж үзэхэд энэ ертөнц ердөө л гологдоно. Бидний сэтгэлийг татах юм энд юу ч үгүйг ойлгоно. Бидний сүнс Гэрлүүгээ олон удаа буцаж очиж үзсэний дараа бидний ухаан бодол бүгдийг ойлгож маш тогтвортой болно. Дараа нь бид юу ч хүсэхээ болино. Ердөө бид хүсэх юм бол бид зөвхөн бусдын төлөө тэдэнд сайн байх тийм юмыг л хүснэ. Бидний сэтгэл маш сайн санаатай, иймд ихэнхдээ эерэг юмсыг л боддог. Нэгэнтээ эерэг юмсын тухай бодоход л тэдгээр эерэг юмс бидэн рүү ирэх болно.