Sunday, March 28, 2010

ТӨГС МӨН ЧАНАРТАА ЗОХИЦОХЫН ТУЛД ӨӨРИЙН БИЕИЙГ ОГООРОН ЗҮТГЭЦГЭЭЕ

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай 2009 оны 3 сарын 8-нд Францад айлдсан ном

Хайр нигүүлслээ үйл хэрэг болго.

Өөрсдийгөө болон өрөөлийг бид үйл хэргээр нь хэмжиж болно. Үр жимсээр нь модыг танина. Хэрвээ алимны мод бүхлээрээ, мөчир салаа болгоноороо “Би алимны мод байна. Би гайхалтай сайхан алимны мод байна” гэж зарлан тунхаглах атлаа нэг ч алим ургуулахгүй бол яах вэ? Инээдтэй биш үү?
Иймээс, багшийн шавь эсвэл гэгээнтэн гээд л, дөрөв таван цаг, юу ч хийлгүй залхууран сууж, өөрийгөө л арчлан харгалзаж суугаа бол, гэгээнтэн битгий хэл, эгэл хүний амьдрал ч тийм байдаггүй юм шүү. Орчин үед компьютерээр ажил хийдэг зарим хүн мөнгө хялбар олж чадаж байна, зарим чинь ухаан сайтай бол ядартлаа ажиллахгүйгээр мөнгө амархан олж байгаа. Тэгвэл тийм хувь заяатай улс энэ буянаа бусдын сүнсийг сэрээх, тэдэнд туслах, тэдний төлөө ямар нэг юм хийхэд зориулах хэрэгтэй. Эзэн Бурхан та нарыг адисласан учир та нар хариуд нь бусдыг адисла. Сайхан цэвэр усаар бялхах усан сан мэт бай. Тэр усан сан нь бүхэл бүтэн айл өрх, эсвэл бүр хотыг усаар хангахын тулд л байхаас биш усаа хадгалахын тулд байдаг юм биш. Тийм ус муудаж ялзарна.
Иймээс “Та нар хариу нэхэлгүй хайрлан энэр” гэж айлдсан Багшийнхаа бичлэгийг үзчихээд хүн бүрт очиж “Өө, та нар бусдыг алагчлал үгүй хайрлаж, амиа бодохгүй байх хэрэгтэй” гэж сургаж явах нь сайн хэрэг биш. Өөр дээрээ эхэлж хэрэгжүүлэх хэрэгтэй. Хөршөө эхэлж хийхийг хүлээж болохгүй. Үлгэр дуурайл үзүүлэх нь сургаал айлдахаас хавьгүй илүү бөгөөд дээр. Тиймээс бид болох бүхнийг чадлын хэрээр хийх хэрэгтэй.
Буянтай төөрөг тавиландаа хэт эрэмшиж суугаад хэрэггүй, тэгээд байвал та нар хаа ч холдохгүй. Хожим нь Бурханы Оронд очихоороо… та нар тамд унахгүй, учир нь та нар ямар ч буруу юм хийгээгүй, бас тэгээд миний шавь учраас Бурханы Оронд очих тань гарцаагүй. Тэрийг би амлаж чадна. Гэтэл харин та өөрөө дээшээ очоод бусад гэгээнтнүүд, шавь нар, номын ах эгч нар чинь дээшээ, бүр дээшээ илүү өндөр түвшин өөд яваад, өөрөө харин Гурвын доохнуур хэсэгт суугаагаа харна. Гурав, гэхдээ Гурвын доогуур түвшинд суугаад, бусдыгаа дээшээ явахыг хармагцаа өөрийн амьдралын түүхийг эргэж нэг харна. Учир нь хүн бүрийн амьдралын түүх мөч хором бүрээрээ нарийвчлан бичигдсэн байдаг. Харанхуйд нуугдаад хийсэн байлаа ч, орчлон даяараа юу хийж байсныг чинь мэднэ. Тэгээд өөрийн түүхийг эргэн хараад- ээ дээ, танд мөн ч хэцүү санагдана даа. Өөрөөсөө бүрмөсөн ичиж шаналсан чамайг Эзэн Бурхан ч тайтгаруулж дийлэхгүй! “Зүгээр дээ, хүү минь, чи зүгээр. Чи чинь ердөө хүн шүү дээ” гэж хэлэх тийм Бүхнийг Чадагч Хүч гэж байхгүй. Бурханы Оронд үзэн ядалт, үл уучлах сэтгэл гэж байдаггүй болохоор, мэдээж бүгдээрээ л чамайг уучилна. Бурханы Орны төрөлтнүүд бүгдийг эн чацуу энэрэн хайрладаг. Харин төгс төгөлдрөөс урган гарсан болохоор өөрөө та л, өөрийнхөө төгс бус үйлдэлтэй эвлэрч чадахгүй. Тиймээс ч хүмүүс өнгөрсөн алдаагаа засахын тулд хүний ертөнцөд эсвэл аль нэг өөр ертөнцөд ахин дахин буцаж ирж байдаг. Гэхдээ бууж ирсэн хойноо мартчихаад янз бүрийн ая тухтай орчин нөхцөлд уруу татагдана. Сайхан санагдана л даа: тухайлбал, найз залуу юм уу, найз эмэгтэйтэйгээ өдөржин үнсэлдэж эрхлэлдээд л дэндүү тав тухтай байдаг, энэ нь аятай сайхан, жаахан мөнгө олчиход хангалттай мөн амархан, орох оронтой, оочих аягатай. Жирийн цаг үед бол болох л доо. Гэтэл энэ дэлхий галд шатаж, амьтад өдөр бүр шаналан зовж байна. SMTV-ийн Мягмар гараг гардаг нэвтрүүлгийг би тэвчин үзэж чаддаггүй. Би үүнийг харахаараа чанга чангаар дуу алдаж, дэндүү их уйлдаг. Би зүрх сэтгэлээ хийж буй ажилдаа зориулж зоригжуулахын тулд үзэхээс өөр аргагүй болдог ч, тийм нэвтрүүлгийг баясан үзэх хэн байх вэ дээ? Та нар өөрийн хувийн эрх чөлөө, буян заягаа эдэлж жаргалгүй л яах вэ, гэхдээ хагас заримыг нь бусдад туслахад зориулж ашиглацгаа.
Он жилүүдийн туршид би та нарт янз бүрийн лекц тавьж, янз бүрийн өнгө аясаар, янз бүрээр томьёолон байж зааж сургаж ирсэн тэр ном сургаал бүхэн, хэрхэн өөрийгөө огоорч бусдыг энэрэхийн тухайд байсан. Аминч бус үзэлд хэрхэн суралцсанаа хэрэгжүүлэх ёстой цаг чинь одоо нэгэнт болжээ. Одоо л хэргийг нь гаргахгүй бол та нарт үүний хэргийг гаргах боломж дахиад олдохгүй. Та нар хүрч ирж авраач, тэгээд буян хураагаач гэсэн шиг гариг болгон ингэж сүйрлийн ирмэг дээр байдаг юм биш. Та нарт олдсон хамгийн агуу боломж чинь энэ. Уур амьсгал дулаарч, бөмбөрцөг дэлхий маань зовлонд унаж байгаа нь мэдээж тун гунигтай хэрэг. Энэ маш гунигтай хэрэг. Гэхдээ нөгөөтэйгүүр энэ бол өөрсдийнхөө чадал чансааг батлан харуулах алтан боломж мөн.
Бид энэ амьдралдаа хорь, гуч бүр дөч хүртлээ өсч өндийн, өдий зэрэгт хүрэх гэж эх дэлхийгээсээ авсаар, идсээр ирлээ. Харин нийгэмдээ бид хэд хэчнээнийг нь буцаан төлсөн билээ? Тиймээс та нар элдэв шалтаг шалтгаан надад тоочих хэрэггүй. Та нар бол миний шавь нар. Багшийнхаа бахархал болцгоо. Та нарыг номынхоо талаар зөв үзэл баримтлалтай, өөрийгөө хуурахгүй байвал би баярлана. Өөртөө мэхлэгдэхгүй, үнэнч хүн байх гэдэг хамгийн хэцүү, гэхдээ та нарт өөр арга байхгүй. Өөртөө хууртаж, үнэнч биш амьдарч байгаа бол танд өөрөөр дэвших ямар ч арга зам байхгүй; яагаад гэвэл би та нарыг шалгах гээд өдөр бүр дэргэд чинь байхгүй шүү дээ. Дэргэд чинь байлаа ч би өөрт чинь хэлэхгүй. Өөртөө мэхлэгдэхгүй үнэнч байх эсэх нь өөрийн чинь сонголт. Би та нарыг үнэнч шударга байх ёстой гэж л зааж сургана. Сонголт бол харин таны; энэ бол таны л амьдрал, таны л сонголт. Хэрхэхээ та л шийднэ. Амиа үл хайхарч бусдыг хайрлан энэрэх гэдгийг хэрхэн яаж ажил хэрэг болгохоо та өөрөө л шийднэ. Бүгдээрээ л “Би Багшдаа хайртай шүү! Би бүх хүмүүсийг хайрладаг шүү, би амьтдыг ч бас хайрладаг шүү!” гэцгээнэ. Тийм л юм бол ямар нэг юм хийцгээ. Хэлэхэд амархан байна.