Monday, December 14, 2009

Сүлд адууны өчил

Мөнх хөх тэнгэрийн хамгийн дээд хүчнээс угтай
Мөнгөөр биш ухаанаар
Алтаар биш аргаар
Амьдралаа дээдлэн хүндэлж
Байгал амьтнаа энхрийлэн хамгаалж ирсэн
Хөх толбот монголчуудын хийморь сүлд адуу би
Үнэнийг өчих үе нь болсон.
Монгол түмэн сэрж биелүүлэх цаг нь болсон.
Өвөг дээдсээс бидэнд өвлүүлсэн
Эх сайхан нутгаа хамтдаа нэг эргэе.
Эх сайхан монгол орны минь
Ариун рашаан
Гол мөрөн
Булаг шанд
Тойром бүрд
Нуур цөөрөм ширгэн тасарчээ.
Ай халаг минь
Ариун цэнгэг агаар маань бузартан бохиртож
Амьдран орших тансаг газар маань ухагдан сэндийлэгдэж
Ой мод нь шатаж, хулгайлагдаж
Ургамал нь хагдран хатаж, өмхийрөн, үндсээрээ үгүйрч цөлжин
Амьтад нь сүрэг сүргээрээ устгагдаж
Эх байгал маань уйлж, ёолж, гиншин
Амь аврахыг иргэн бүрээс,
Төр засгаас гуйн аврал эрж байгааг хараач та бүхэн.
Ай халаг минь гэж
Хоёр нүдний минь нулимс мэлтэрч байна
Сэтгэл зүрх минь эмтрэн харуусч байна

Энэ хэнээс юунаас болов?
Байгал эх маань ийм харуусалт байдалд хүрсэн нь
Амьдран суугч иргэн бид
Амьдрал хайрлагч эхийнхээ
Оршин тогтнох язгуур хуулийг зөрчин
Ухаангүй мунхаг үйл ажиллагаа явуулсаны уршиг билээ.

Хэн юу ярив.
Одоо бид бие биеэ зэмлэн
Өөр хоорондоо урцалдан саатах
Эргэлзэн тээнэгэлзэх хугацаагүй болсныг
Эрдэмтэн мэргэд ухаант улс төрчид
Гэгээнтнүүд анхаарулж байна.
Шинжлэх ухааны мэдээ баримт баталж байна
Бидний нүдэн дээр байгал маань цөлжин дулаарч
Улирлын байдал хувиран өөрчлөгдөж
Гал түймэр, ган зуд, газар хөдлөл
Усны үер, өвчин тахал нөмрөн авлаа.

Одоо бид яах вэ?
Мөнх хөх тэнгэрийн хамгийн дээд хүчнээс угтай
Монгол түмэн бид эх байгалийнхаа оршин тогтнох
Язгуур хуулийг дээдлэн хүндэлж хайрлан хамгаалах талаар
Өнө эртний уламжлал алдартай
Өвөг дээдсийн сургаалтай билээ.
Бид энэ нандин уламжлалаа эргэн сэргээж
Амьдралынхаа одоогийн алдаатай
Муу дадал зуршлаа
180 хэм эргүүлэн өөрчилвөл
Өвчлүүлсэн байгалаа илааршуулж
Бүдгэрсэн оюунаа тодруулж
Үр хойчдоо өвлүүлэх баталгаатай юм.

Шийдэл.
Эзэн Богд Чингис хаан маань
Бидний энэ алдаа мадагтай
Амьдралын хэв маягийг
Аль эртнээс зөгнөн мэдэрч
Цаг нь болохоор дэлгэрэн аврах
Дээдийн нууц сургаалиа
Монгол түмэндээ цээжинд нь
Баринтаглуулан үлдээсэн нь
Чингис хааны Алтан аялгуун нууц судар бөлгөө

Гэвч.
Энэ эрдэнийн судар олон талаас тайлагдах
Учир явдлыг өгүүлэхийн ялдамд
Онцлог хэдэн нууцыг нуун агуулсан тул
Ойлгох хүмүүний ил далдын
Оюун билэгийн цар хүрээнээс
Тайлал шалтгаалах тул
Монгол түмний хийморь
Төрийн сүлд оролцож байна.
Судрын айлдвараас:

Нэгэн зүйл:
Булай булхай, хээл хахууль, шунал уналд идэгдсэн нийгэм
Төр улсаа, ард иргэдээ гэсэн чин сэтгэлтэй
Алс хэтийг харсан гүн ухаантай
Шунал, уналгүй, шудрага эрдэмт хүмүүнээр удирдуулан
Зас... гэснийг
Одоогийн бүх шатны удирдлага
Өөрсдөө тохирч, овор хэмжээ нь таарч байгаагаа тулган шалгаж
Түмний төлөө нийцүүлэх ёстой.

Нэгэн зүйл:
Монголчууд мах идвэл маанаг болно мангас болно
Цангис тарвас идвэл гэгээрнэ гэж зарлигласан нь
Олон амьтдыг зориуд өсгөж
Амийг хорлон, араатнаас илүү идэж
Өдөр шөнөгүй мах ярьж
Өглөө оройгүй хуралдаж
Өвчин тахалыг даамжиртал мунхаглаж байгааг хэлжээ.
Та бүхнийг хар дарсан зүүднээс сэрээж сэнхрүүлэхийн тулд
Олон зүйлийг нуршилгүй
Сүлд адуу би өөрөөрөө жишээ татая.
Та бүхэн миний андуудаар
Найр наадам хийхээрээ
Өлсгөн сойж уралдуулж цэнгэнэ.
Тоосонд нь орж хийморио сэргээнэ.
Тоолж хэдийг нь цоллож уярна.
Түрүүлээд ирсэнийг нь шаван тойрч
Самсаагаа шархируулан уйлна
Дуу шүлэг зохион догдлон уншиж, хайлж
Сэтгэл зүрхээ саамштал дуулна.
Хэдэн бор төгрөгийг харвал
Хэдээр ч өгөхөөс буцахгүй
Шуналаа түр зуур дарна.
Уналга эдэлгээнд уралдаж хэрэглэнэ.
Дэл сүүлийг хярган тайрч
Хөөвөр хялгасыг самнан авч амьдрал ахуйдаа нэмэрлэнэ.
Сүү саамыг ашиглан болсон түүхийгээр нь ууж
Таашаал аван тарвалзана.
Эцэст нь алтан амийг минь
Чихрийн цаасны төдий ч санахгүй
Харгислан тамлаж егүүтгэн
Нус нулимстай минь хутган
Хорсол заналыг минь холин
Ховдоглон сайрхаж иднэ.
Ширийг минь шидлэн өгч
Үнэ хүрсэнгүй гэж тунирхана.
Энэ нь:
Ухаант хүмүүн гэж байгаа таны үйлдэж байгаа ажил
Энэ бол:
Энэрэл хайр гэж ярьдаг их соёл, боловсролт хүмүүн таны үйлдэл
Энэ бол:
Энх амгаланг айлдагч амаар хүүрнэгчийн жишээ.
Энэ бол:
Хар, цагаан энерги гэж хахаж цацан өгүүлэгчийн үйл
Энэ бол:
Үнэн худлыг ялгадаг гэсэн төөрөлдсөн бодолтны төрх
Энэ бол:
Нүд хальтрам зүрх шимшрэм ажиллагаа
Та нарын таван эрдэнэ гэж нэрлэдэг үхэр, хонь, тэмээ, ямаанд ч
Гахай, тахиа, галуу, нугас харгислан хэрцгийлж иддэг
Бүх амьтанд давтагдаж байна.
Та бүхэн идэх хоолгүй болох нь гэж битгий айгаарай.
Эзэн Богд Чингис хаан
Эх Байгал, амьдралаа аврах үеийн хоол ундааг
Ургамал, таримал, ус, агаар, цагаа 5 гэж зарлиглажээ.
Үүний учир:
Тэнгэрийн зарлигийг зөрчсөн
Олон амьдралгүй хууль үйлдвэрлэхийн оронд
Бодист ертөнцийн хуулинд захирагдсан
Амь, амьдрал, дэлхийг аврах цагаан хоолонд шилжиж
Хүмүүн төрөлхтний хүслийг биелүүлэх
“Ганц хуулийг” хором ч алдалгүй батлан гаргаж
Удирдан дагуулагчаасаа эхлээд
Улс даяараа даган биелүүлэх ёстой.
Удалгүй үр шим нь мэдрэгдэж
Урам зориг чинь бадрах болно
Яриад адгаад байгаа эдийн засаг чинь
Ямар гайхалтай юм гэхээр өөрчлөгдөнө
Айгаад сандраад байгаа элдэв өвчин
Айдас хүйдэсгүй болтол арилна
Урваж хөрвөх гээд байгаа байгал чинь
Уярч эрхэлмээр сэргэнэ
Улам баттай сэргээх арга ар араасаа хөвөрнө.
Хүсээд тэмүүлээд байгаа хөгжил чинь
Хүн бүрийг баярлуулан амганланжуулж ирнэ.
Ухаангүй зүтгэж авдаг хээл хахуул
Унтарсан нурам шиг зогсоно
Уулгаж ухаан алдуулдаг
Баар самууны газрууд
Урхаг ёрхоггүй сайхан газар болно.
Архи тамхины хорт үйлдвэрүүд
Аяндаа хаалгаа барина.
Үр хүүхэд маань бага балчраасаа
Цэвэр ариун ёс суртахуунд суралцана.
Худал хэлэх, хулгай хийх
Учир шалтгаан ууршин арилна.
Хуурч рекламдан хуудуутай зүйл хийх
Орон зай хөрс суурьгүй болно.
Худлаа цэцэрхэж талцан сөргөлдөх
Ажлын байр арчигдан хумигдана.
Ухаан бодол сэргэн цэгцрэх
Уг үндэс цэцэглэнэ.
Энэрэл хайр гэдэг үгийн утгыг
Энэ биеэрээ амталж мэдрэнэ.
Энх амгалан орчин нөхцөлийг
Энэ насандаа цогцлоож амьдрана.
Техникжсэн робот шиг болж
Хүн чанараа гээх нь сураг ажиггүй болох болно.
Шинжлэх ухаан техникийн ололтыг
Амгалан амьдралын түлхүүр болгоно.
Зэргэлдээ орших хөрш орон төдийгүй
Дэлхийн бөмбөрцөг дээр орших улс түмэнд
Уур амьсгалын өөрчлөлтөөс учрах Байгалийн мөхөл сөнөлийг зогсоох
Алтан эринд шилжих аргыг зааж зоригжуулна.

Нэгэн зүйл:
Одоо та бүхэнд мунхаг дадлаасаа салхад
Зориглож, тэвчиж, тэсвэрлэн ухаарч, сэхээрч, гэгээрэх
Нандин ухаан дадлыг хэвшүүлэхийг
Гэгээрлээс гэгээрэлд шилж гэж зарлиглажээ.
Гэгээрэл олон үе шаттай байх бөгөөд
Анхан шатнаас нь дээд шат хүртэл зорь.
Та бүхэн мунхаглалаас мунхаглалруу гулсаж
Гэгээрлээс мунхаглалруу шилжиж байгаагаа
Тэнгэр заяагаараа сэргээн ойлгож байгаа нь эхний гэгээрэл юм.

Тэнгэр заяа нь:
Амьтай болгоныг алагчилдаггүй
Амьтан болгоны зовлонг ойлгодог
Ам ажил хоёр нэгдэлтэй
Туулсан замаа эргэцүүлэн цэгнэж
Туйлын үнэнийг олох гэрэл юм.

Тиймээс бидний заяа:
Гэрэлтэй байхаас хар байж болохгүй
Ухааралтай байхаас мунхаг байж болохгүй
Сэхээрэлтэй байхаас тогтонги байж болохгүй
Гэгээрэлтэй байхаас үнэнээс хол байж болохгүй гэсэн үг.
Одоо дэлхийн уур амьсгалын дулаарлын сүйрлийг, бидний
Гэрэлтэй
Ухааралтай
Сэхээрэлтэй
Гэгээрэлтэй заяа аварна.
Үүний учир Мөнх хөх тэнгэрийн
Дээд хүчний зарлигийг ёсчлон биелүүл.
Хугацаа алдвал эргэж нөхөгдөхгүй.
Чин-нэвтэрхий танин мэдэгч
Гис-мэдвэл зохихуйн суут од
Чингис миний зөн зарлиг
Чин нэрт их Багшийн үед хэрэгжинэ.
Түүнийг таньж нөхөрлө гэжээ.
Сүлд адуу миний үүрэг биеллээ
Тэнгэрийн зарлиг биелж төрийн сүлд өршөөг

Монгол төрийн сүлд өгүүлж Д. Загар би бичин буулгав. 2009.11.24