Wednesday, March 14, 2007

Санал хүсэлтээ илгээнэ үү!

Аръяабалын бясалгалын Монгол дахь төвийн авшигтнууд болон бусад найз нөхөд та бүхэн бидэнд өөрсдийн санал, зөвлөмж, зураг, дуу хөгжим, цагаан хоолны жор гэх мэт зүйлсийг илгээж энэхүү вебийг баяжуулахад тусална уу.

Энэ бол та бидний л веб учраас бид хэр их хувь нэмэр оруулна төдий чинээ үр өгөөжөө өгөх болно. Зөвхөн хэрэгтэй сайхан мэдээллээр хувь нэмрээ оруулцгаая.

Санал хүсэлт илгээхдээ доор буй "комментария" гэсэн үг дараад тэгш өнцөгт цонхон дотор бичээд "publish your comments" гэсэн улбар шар товчлуур дээр дарж илгээгээрэй. Эсвэл chinghai.mongolia@gmail.com хаягаар бидэнд е-мэйл бичээрэй.

1 comments:

Roberto Admin said...

Сайхан санаачлага гаргасан номын ах эгч нартаа баярлалаа. Үүнийг гаргавал ямар вэ?

ХОЁР ТӨМСНИЙ ҮЛГЭР
Нэгэн Гүрүтэй эсвэл нэгэн Их Багшаас зөрөх нь ямар ярвигтай болох тухай сайхан үлгэрийг өнөөдөр би та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм. Их Багш байх нь их бэрх. Их Багшийг эрж олох нь бүр ч бэрхтэй. Тэгтэл тэр их Багшид итгэх, найдах, мөн түүнээс зөрөх нь илүү их ярвигтай байдаг. Энэ үлгэр бол энэ тухай өгүүлнэ.
Нэгэн их өндөр дэстэй алдартай их Багш байжээ. Гэвч тэр “Их Багш”-ийн тухай бидний төсөөлдөгтэй адил юмгүй хүн байсан. Заримдаа тэр шавь нартайгаа ширүүн харьцдаг. /инээв/ Тиймээ, магадгүй тэр ер нь ганц хоёр цохидог ч байсан байх, яг л Төвдийн аугаа иогч Милярба болон түүний багш шиг. Тэр Багш бол их Багш нар хэзээ ч хийх ёсгүй гэж бидний үздэг бүх л төрлийн зүйлийг хийдэг байж. Жишээлбэл: Хэрэв бид, “Их Багш нар хэзээ ч уурладаггүй” гэж хэлбэл тэр харин ч их ууртай.
Их Багш болно гэвэл бид галзуу байх ёстой болдог./инээв/ Хэрэв та нар хэвийн хүн бол их багш болж чадахгүй, яагаад гэвэл энэ ертөнцөд бүх юм эсрэгээр байдаг, бүх юм эмх замбараагүй байдаг. Сайн юмыг бид муу гэж бодно, муу юмыг бид сайшаах буюу сайн гэж бодно. Та нар зөвхөн бүрэн гэгээрсэн үедээ л энэ ертөнц дэх бүх л зүйлсийн хөгтэй байдлыг хажуугаас нь харж чадна. Тэгээд та нар галзуу болно, их л аз жаргалтай галзуу – маш тэнцвэртэй солиоролд орно.
Нэгэн өдөр тэр “солиотой” их Багш нэг шавьдаа хоёр төмс аваад явж ид гэж хэлжээ. Тэр шавиа хоёр төмсийг заавал хоёуланг нь идэх ёстой гэж дахин дахин онцлон анхааруулаад байж. Тэгээд тэр шавиа дахин дуудаад, “Чи хоёр төмсийг заавал идэх ёстой шүү” гэж хэлжээ.
Шавь Багшийнхаа гараас хоёр төмс аваад гадаа гарч суугаад идэж эхлэв ээ. Хоёр төмсийг иднэ гэдэг чинь одоо үнэхээр хялбар биш гэж үү? Та нар үүнийг тийм ч хатуу сорилт биш гэж бодож байгаа. Хүн бүр л хоёрхон төмсийг идэж чадна шүү дээ. Ингээд тэрээр идэнгээ өрөөсөө “Багш ингэдэг нь яаж байгаа юм бол?” гэж асууж байлаа.
Тэр иймэрхүү зүйл бодож байсан. Гэвч тэр эдүгээг хүртэл маш урт хугацаагаар багшийгаа дагаж байгаа учир ямар ч байсан багш нь хэлсэн юм чинь ямар нэг учир шалтгаан байгаа учраас дуулгавартай байх ёстой гэж мэдэж байв. Иймд тэр тэндээ суугаад идсээр...
Нэгийгээ хэдийнээ дуусгачихаад нөгөөдөхийг нь хальсалж эхлэв. Тэгтэл нэг маш өлсгөлөн хариугүй үхэх шахсан гуйлгачин ирээд, “Энэ төмсөө надад өгөөч дээ, гуйж байна, тэгээч дээ, би олон өдөр юу ч идээгүй, та нэгийг идчихсэн шүү дээ. Хэрэв та үүнийгээ надад өгөхгүй бол би үхэх нь байна!” гэжээ.
Одоо та нар яах вэ? Та нар Багшийнхаа үгнээс зөрөх үү, эсвэл нигүүлсэнгүй чанарыг зөрчих үү? Багш нь түүнийг тэр хоёр төмсийг заавал хоёуланг нь идээрэй гэж онцлон анхааруулсан бөгөөд дүрэм ёсоор бол та нар багшийнхаа үгнээс хэзээ ч зөрөх ёсгүй!. Гэтэл өлсгөлөн хүнд идэх юм өгөхгүй байх нь маш хэрцгий явдал болно. Тэгж суухдаа түүний ухаан санаа нь Багш, гуйлгачин хоёрын дунд нааш цааш давалгаалан байв. Гэтэл гуйлгачин орилон газар үхэдхийн унаж, үхлийн ирмэгт туллаа. Иймд нөгөө шавь түүнд үлдсэн нэг төмсөө даруй өглөө. Тэгээд тэр гэрлүүгээ явж, гуйлгачин ч бас үзэгдэхээ болив.
Мань хүн гэртээ ирээд багшдаа болсон явдлаа илтгэжээ. Харин Багш нь түүнийг загнаж хашгичлаа. Шавиа үгнээс нь зөрлөө гэсэн дээ биш, харин шавиа өрөвдсөндөө, харамссаны улмаас хашгичан загнажээ. Тэр хоёр дахь төмс бол оюун санааны гэгээрлийн дээд зэргийн, төгс гэгээрлийг өгөх адистай, харин эхний төмс бол энэ ертөнцийн бэл хөрөнгө, амжилт, алдар нэрийн адистай байв. Багш, “Чи минь ямар ч мунхаг юм бэ?” гэж хэлсэн. “Энэ бол чиний хувь тавилан ч байж магадгүй. Гэвч хоёр дахь адислалыг хүртэж чадаагүй нь их харамсалтай байна даа” хэмээн шүүрс алджээ.
Хожим нь мань шавь энэ ертөнцөд үргэлж од хийморьтой байж, алдар нэрд хүрч, маш их мөнгөний орлоготой болсон боловч тэр их Багш болоогүй, өөрөөр хэлбэл орчлон дахь хамгийн дээд түвшин, хамгийн эцсийн зорилгодоо тэр хэзээ ч хүрээгүй юм.

.................оОо..............

Энэ бол бидний ихэнхэд байдаг асуудал юм. Бид өөрсдийгөө бүгдийг ойлгож мэддэг ба бүгдийг зохицуулж чадна гэж боддог. Бид мөн өөрсдийгөө ямар ч “би” үгүй гэж боддог. Бид Багшийг дагах буюу түүнээс зөрөх нь маш хялбар гэж боддог. Гэтэл үгүй юмаа, энэ бол тийм ч хялбар биш. Хоёрхон төмс идэхийн төлөө та нарт асуудал учирч байна биш үү. /Инээв/
Иймд бусад ямар нэг хүнд сорилтыг мөрөөдөхөд ч бэрхтэй байна. Яагаад гэвэл бид дэндүү их урьдаас тааварласан санаа бодлуудтай байдаг, дэндүү их буруу зуршилтай байдаг, мөн нийгмийн ёс заншил, хэвшил, уг суурь соёл, боловсрол, хүмүүжлийн байдал ... эдгээр нь хэдэн мянган жилээр бэхэжсэн байдаг. Бид эдгээрээр уураг тархиа дүүргэсэн байдаг болохоор үүнийг богино хугацаанд угааж зайлуулахад хүнд юм.
Бид өөрсдийгөө зөв бурууг ялгаж чаддаг гэж үргэлж боддог. Биднийг гэгээрэхэд эдгээр балай заншлууд ямар хэрэгтэй вэ? Эдгээр нь бидний замд саад л болно. Багш бидэнд нэг зүйлийг хий гэж хэлэх бүр бид, “Үгүй, үгүй би үүнийг мэднэ. Миний ээж надад ингэж хэлсэн, сургуулийн багш маань ч тэгж хэлсэн, сүмийн лам минь ч тэгж хэлсэн” гэж боддог учраас бид өөр юм хийдэг.
Багш биднээр хийлгэхийг хүссэн юмны яг эсрэгээр нь бид хийдэг, тэгээд багш үргэлж бидний балай зуршилтай тэмцэх хэрэгтэй болдог. Бидний ихэнх нь сохор, дүлий ба дүйнгэ. Зөвхөн Багш л маргаангүй харж чадна. Зарим нэг хүмүүс зөвхөн бүдэг бадаг замыг хардаг, зарим нь замын хагасыг хардаг, гэхдээ бүгдийг харж чадахгүй ээ. Бид харж байна, ойлгож байна гэж боддог боловч энэ үгүй юм. Энэ ертөнцийн хоосон чанар бол үнэхээр аугаа юм. Маяагийн ажил болох энэ бүтээл үнэхээр гайхалтай. Энэ ов мэх бидний итгэмээргүй ямар ч юманд биднийг итгүүлдэг. Энэ хоосноос биднийг гаргахаар хэн нэг биднийг сэрээх, гэгээрүүлэх гэж ирэх хүртэл бид түүнийг /Маяаг/ маш үнэнчээр, эелдэгээр, хүлцэнгүйгээр дагадаг. Гэвч бид бас тийм ч хурдан сэрдэггүй. Яг өглөө болоод цагны сэрүүлэг дуугарч байвч бид “Еэ.. өө...,” гээд сэрүүлгийг нь дуугараад байхаар нь унтраачихаад эргээд унтчихдаг шиг.
Тийм учраас бидэнд ийм олон шашин байгаа бөгөөд мөн гэтэлгэж чадна гэсэн маш олон арга замууд гарч ирсэн байна. Харин бид юу гэж үзэх вэ? Бидний ертөнцөд өдөр бүр маш олон хүн суурьшиж байна. Энэ нь манай ертөнцөөс нэг ч хүн чөлөөлөгдөхгүй байна, эсвэл тун цөөн хүн чөлөөлөгдөж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл яагаад хүн ам багасахгүй байна? Хэрэв олон хүн чөлөөлөгдөөд гэртээ харьж тэнгэрийн элч болж, Бурханы туслах болж, Бурханы хүү, охин болж үүрд диваажинд амьдарвал энэ ертөнцийн хүмүүс хорогдох болно.